Sunday, March 18, 2012

Байгалийн хуулийг зөрчиж, цаг хугацааг сөрөгсөд

“Гоо сайхан ертөнцийг аварна” гэж Ф.М.Достоевский тэртээ хэдэн жилийн өмнө хэлж байжээ. Суут зохиолч маань эмэгтэй хүний саруул ухаан, мэргэн санаа удирдагчдыг залж, улс орныг аугаа их амжилтанд хүргэдэг түүхтэй холбож хэлсэн юм болов уу? Эсвэл өдийг хүртэл дэлхий энх тайван байж, дайн тулаан туйлдаа хүрэлгүй, дарангуйлагч орнууд цөмийн зэвсгээ хадгалаад байгаа нь гоо үзэсгэлэнгийн ач тус гэсэн утгатай юм болов уу? Түүний хэлсэн мэргэн үг олон эмэгтэйчүүдийн зүрхэнд шар ус хуруулж, байгалийн хуулийг зөрчихөд хүргэсэн байж ч мэднэ.
Америкийн гоо сайхны мэс заслын нийгэмлэгээс гаргасан тоо баримтаар 2009 онд 11 сая хүн бурханаас заяасан бие галбираа өөрчилжээ. Хамгийн олон хүн хийлгүүлсэн мас засалд хөх томруулах 329000, хамар засах 307000, уруул цорвойлгох 303000,,давхраа хийх 233000 болон язралтын ажилбарууд 146000 ордог байна. Мэс заслын тоо урьд жилийнхээс 2 хувиар нэмэгдэж, хамгийн өндөр өртөгтэй хийдэг мэс ажилбар өгзөг томруулах 4.1 сая ам доллар, өндөр болгох 1.1 сая ам доллар, лазераар үс суулгах 887000 ам доллар болж өсчээ.
Азийн улс орнуудын хувьд Солонгос, Япон, Тайланд зэрэг улс хиймэл гоо үзэсгэлэн үйлдвэрлэлтээр толгой цохино. Солонгост хийх мэс засал Америк болон Японыг бодвол 30 хувь хямд байдаг. Нэг эмнэлэгт долоо хоног бүр 400 хүн ирж үйлчлүүлдэг.
Бидний тэр бүр дуулж байгаагүй онгон хальс нөхөх буюу гименопластик, бэлэг эрхтэнд протез хийж нөхөн сэргээдэг фаллопластик, ганц дасгал хийгээд өөхийг нь хайлуулахад хэцүү байдаг бүсэлхий, гар, шилбэний эрээн булчингийн өөх соруулдаг Липоксаци зэрэг мэс заслын төрөл бий. Онгон хальс нөхөх мэс заслыг 1962 онд Итали улсын эмэгтэйчүүдийн эмч Бернуул өөрийн охиндоо хийжээ.

Ийнхүү пластик буюу Plastikos хэмээх грек хэлний “цутгах, хэлбэрт оруулах” гэсэн утгатай харь хэлний үг бидний өдөр тутам хөндөж ярьдаг ярианы нэг сэдэв болоод байна. Гоо сайхны мэс заслыг мэс ажилбарын аргаар хүнийг шинэ дүр төрхтэй болгох гэж ойлгож болно. Хүн нүүр царай болон биеийнхээ өөрт таалагдахгүй, өө сэвтэй хэсгийгхэрэв мөнгө нь байгаад зориг нь хүрвэл манай буурай хөгжилтэй монголд ч хийлгэж болох болсон. Анх 1997 онд Нэгдүгээр эмнэлэг, АУИС хоёрыг нэгтгэсэн клиникийн удирдагчийн албыг хашиж байсан их эмч Н.Оюун гоо сайхны мэс заслын “Перфект” эмнэлэг үүсэн байгуулжээ. Тус эмнэлэг нөхөн сэргээх пластик эмчилгээ хийдэг. Энэ нь маш өргөн хүрээтэй. Хүний биеийн бүхий л хэсгийг нөхөн сэргээх эмчилгээ хийдэг. Бүх хавдар ургацаг авах, уруул тагнайн сэтэрхий оёх, залуужуулах, галбиржуулах, харвин авах, нүүр гар, хүзүүний арьсны хөгшрөлтийг залуужуулах, түлэгдэлт нөхөх, төрөлхийн гажиг засах гээд бүх л хагалгааг хийдэг аж. “Хүний биеийн судас, шөрмөс, эд эсийг маш сайн мэддэг байж л энэ бүх мэс ажилбарыг хийнэ. Хөх томруулах мэс ажилбар хийлээ гэхэд л хавдар, бүх төрлийн өвчнийг нь мэддэг байх зайлшгүй шаардлагатай.” гэж Н.Оюун эмч хэлж байна.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр монголчууд түүнийг “2 гартай” эмч гэж шоглох болсон. Учир нь монголын нэртэй оддод чанартай хагалгаа хийж, бусад жирийн иргэдийн хувьд мэдээ алдуулах тариа хийсний дараа өөрийн гарын шавь нараар мэс заслыг хийлгэдэг аж. Дээр нь түүний хийсэн бүх хагалгаа амжилттай болсон уу гэвэл үгүй. Олон улсын судалгаанаас үзэхэд гоо сайхны мэс ажилбарын ноцтой алдаа гурван жилд нэг удаа гардаг. Нэг үйлчлүүлэгчид хагалгааны дараах эмчилгээ байдгийг хэлээгүй, азаар тэр эмэгтэй өөр эмчээс энэ тухай сонсож өөрөө гадаад сайтаас мэдээлэл авч таван жилийн дараа дахин мэс засалд орох ёстойгоо мэджээ. Бас олон үйлчлүүлэгч сорвио арилгах гээд бүр их сорвитой болж, давхраа нь үзэмж муутай орж, татуулсан зовхи нь гурван сарын дараа эргэн унжсан зэрэг олон сөрөг мэдээлэл чихэнд хүрч, мэс засал хийлгэх нь зөв үү буруу юу гэдэг шугаман дээр гадаад гоо үзэмжээ сайжруулах гэсэн хүмүүсийг авчираад байна.
Ганц Монголд ч бус дэлхий даяар гоо сайхны мэс заслын золиос болж мөн энэ мэс ажилбарт донтон эрэмдэг царайтай болсны улмаас хайртай хүмүүс, эргэн тойрныхноосоо нүүр буруулан, насан туршид сэтгэлийн сэвтэй, гундуухан алхалж яваа хүмүүс байна. Jocelyn Wildenstein хэмээх пластик мэс заслын үр дүнд хатагтай Вилденштейнээс хатагтай Франкштейн болж хувирсан эмэгтэй үүнд 4 сая ам долларыг зарцуулжээ.
Нэг л амьдрах насандаа сэтгэл хангалуун амьдрахыг хүсэж болох ч чадвартай мэс засалчид хандахгүй бол дараа нь харамсаад барахгүй тохиолдлууд энэ мэтчилэн олон байна. Гоо сайхан болох гээд эрүүл мэндээ алдах вий...

2012.03.15